8/5/12

Мөрөөдөл биелэх цагаар...

Нэгэн өдөр ухаан орсон цагаасаа хойш хүсэж, мөрөөдөж явсан ГУРВАН мөрөөдөл зэрэг биелнэ гэдэг олон хүнд тохиох явдал биш. Надад учирсан тэр тохиол бүрдэн бий болоход олон учир шалтгаан, нөлөөлөл бий тул тэр бүгдэд, хүн бүхэнд талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ зуныг энэ мөчийг би хэзээ ч мартахгүй биз ээ. 1. Олимпийн наадам. Түүний нээлтийн ажиллагаа. Яагаад ч юм би ухаан орсон цагаасаа хойш л спорттой холбоотой байсан. Гэрийнхэн, аав ээж, ах эгч, эмээ дүү нар бүгдээрээ л спортын хорхойтон байсан. Манай гэрт спортын нэг ч хүн байхгүй ч бүгд спортын мэдлэг боловсролтой хүмүүс байсан юм. Телевиз асаалттай байвал спорт л байвал юу ч хамаагүй тавьдаг байлаа. Стар спортс, Россия, ТВ7 гээд л. Түүнээс хойш л Олимпийн наадам гэдэг ямар агуу тэмцээн бэ гэдгийг, ямар нэр хүндтэй үйл явдал вэ гэдгийг ухаарч эхэлсэн. Атланта 1996-ийн тухай "Таван Цагариг" сониноос бүр хойно уншиж байснаа санадаг. Сидней 2000-д медальгүй ирж байгаа тухай мэдээг "Монгол" ТВ-ийн мэдээгээр үзэж байснаа санадаг. Афин 2004-д Цагаанбаатар хүрэл медаль авч байгааг ТВ5-аар шууд үзэж байснаа ч санадаг. Бээжин 2008-ийг харин UBS Тв-ээр өөрийн биеэр хөтлөн тайлбарлаж байсан удаатай. Сониноос уншиж, мэдээг нь сонсож, шууд үзэж, өөрөө хөтлөж... Харин Лондон 2012-ийг өөрийн биеэр үзэх завшаан надад тохиолоо. UBS TV-ийнхний асар их итгэлийг хүлээн "наран жаргадаггүй" гүрний нийслэл Лондонд ажиллах үүрэг аваад одоо ажиллаж байна. Нэгэн мөрөөдөл минь ийн биеллээ.
2. Олимпийн нээлт. Дэнни Бойлийн кинонуудад "28 өдрийн дараа"-г үзснээс хойш дуртай болсон. Битлз ахин тайзан дээр гарна гэдгийг сонсоод бүр хорхойссон. Гэхдээ нээлт үзэх магадлал тун бага л байсан юм. Хэдийгээр сэтгүүлчийн мандаттай байсан ч эрэлт ихтэй төрлүүдийг /үүнд нь Олимпийн нээлт, хаалт, 100м-ийн финал, сагсны финал зэрэг багтдаг/ өөрийн биеэр очиж сурвалжлахад нэмэлт наалт-тасалбар хэрэг болдог. Тэр нь хязгаарлагдмал учраас 5 хүн тутмын нэг нь л орох магадлалтай байсан юм. Бээжингийн Олимпод бүр ганцхан ТВ л орсон гэдэг. Харин энэ жил Монголоос сурвалжлахаар ирсэн 16 телевизийн сэтгүүлчид 2хон мандат л оногдсон. Чамлалттай тоо хэдий ч бүх телевизүүд нийлж байгаад дундын шийдвэрээр орох хүмүүсээ сонгоход аз болж би сонгогдлоо. Ах нарынхаа өмнүүр орж нээлтэнд орох болсон нь нэг бодлын "санаа зовмоор" байсан ч нөгөө талаар "бахархалтай" байсан юм. Олимпийн нээлтийг газар дээрээс нь үзнэ гэдэг тийм ч олон хүнд тохиогоод байх аз завшаан биш гэж би ойлгодог. Түүндээ хүрч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон оддыг нэгэн тайзнаа зэрэг харан, урлаг-уран сэтгэмжийн оргил болсон нээлтийн ажиллагааг үзсэн минь тэр минь юм. Ахиад нэгэн мөрөөдөл минь ийн биеллээ.
3. ПОЛ МАКАРТНИ! Битлз бол домог. Аав ээж минь ч, ах эгч нар минь ч, найз нөхөд минь ч бүгд тэднийг сонсож, тэднийг шүтэж, тэднээс суралцаж өссөн, хүмүүжсэн. Би ч мөн адил. Тэдний дууг сонсон тайвширч, баясан, тэдний дууг сонсон магтан биширч, тэдний дууг сонсон даган аялж, дуулж, тэдний дуугаар эрч хүчээ олж аван, сэргэж, тэдний дуугаар л урам зориг орж, идэхвждэг юм. Өнгөрсөн жил Битлзийн музей үзэх гэж Ливерпүүл рүү зорин очиж, алдарт гарцаар нь гарах гэж хамгийн эхэнд яаран очиж байсан удаатай. Жон Леннон, Жорж Харрисон нарын дууг амьдаар нь сонсож амжаагүй ч Пол Макартниг даган дуулах хувьтай байжээ. Гайхалтай. ХЭЙ ЖҮҮД!!! Түүнийг холоос ч гэсэн харж, хоолойгоо сөөтөл солгой хоолойтой ч даган дуулах нь ямар агуу тохиол вэ? Ахиад нэгэн мөрөөдөл минь ийн биеллээ.
Надад олон мөрөөдөл бий. Биелэх боломжгүйгээсээ эхлээд энгийн жижигхэн хүртэл бий. Түүнийгээ бодит болгоно гэдэг хэнд ч хязгааргүй их баяр хөөр, сэтгэл ханамжийг авчрах биз. Ахиад олон олон мөрөөдөл минь биелэх болтугай. Хичээнэ дээ.

1 comment:

  1. Баяр хүргэе!
    Heey Jude,, сая бүтлег Монголд ирэхэд нь үзэх байсан юмдаа,, тэр бас чамлахааргүй гоё болсон
    Улам олон мөрөөдөл чинь биелэх болтугай

    ReplyDelete

Таныг миний цахим ертөнц дахь орон зайд зочилсонд талархаж байна. Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн хараалын үг, өнгө аястай зүйлс бичихгүй байхыг хүсье. Таны бичсэн сэтгэгдэл болон санал, шүүмжлэлд тун удахгүй хариу илгээх болно.